МБСХ, Бүжгийн спортын "Line of Dance" клубээс жил бүр Бүжгийн спортын "Let's Dance" тэмцээн, Монгол улсын АШТ-ийг оны сүүлээр зохион байгуулдаг билээ. Энэ жил улс орон даяар ханиад томуу гарч хорио тавигдсанаас шалтгаалан энэ оны тэмцээн нэлээн оройтож 2009 оны 12-р сарын 26,27-ны өдрүүдэд нийслэл хотноо Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон байснаас тамирчдын бэлтгэл хангагдаагүй гэсэн шалтгаанаар Орхон, Дорнод, Дархан, Багануураас оролцох ёстой хэд хэдэн клубууд оролцсонгүй.
26-нд
Бүжгийн
спортын "Let's Dance-2009" тэмцээн Хүүхэд-1 насны 4 бүжгийн тэмцээнээс
авахуулаад Залуучууд, насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн хүртэлх бүхий
л насны ангилал, зэрэглэлд зохион байгуулагдав. Тэмцээнд нийслэл хотоос "Лайн оф дэнс", "Авъяас", "Виктори", "Гуа үжин", "Мүүн", Дархан-Уул аймгаас "Лидер данс", "Свей", "Мейжик данс", Орхон аймгаас "Оддын гялбаа", Өвөрхангай аймгаас "Ирмүүн" клубуудын 100-гаад хос оролцсоноос хосын тоогоор Дарханы "Свей" клуб (20 хос), УБ-ын "Лайн оф дэнс" клубууд (11 хос) давамгайлж байлаа. Эдгээр клубуудын хосуудын ур чадвар ч өндөр байсныг дурьдах хэрэгтэй.
Тэмцээний хоёрдахь өдөр 2009 МБСХ Монгол улсын АШТ, 2009
МБСХ Монгол улсын Стандартын формейшн тэмцээнүүд зохион
байгуулагдав. Урьд өдрийн тэмцээн дээр "бие халаатаа" сайн хийсэн хосууд маань УАШТ дээрээ үнэхээр байдгаа шавхаж маш гайхалтай үзүүлбэрүүдийг гүйцэтгэж үзэгчдийг баярлуулан, үзэгчид ч хосууддаа халуун алга ташилтаараа урам зоригийг харамгүй зориулж байлаа. Үзүүштэй, харах юм ихтэй сайхан тэмцээн болж, өрсөлдөөн ч хатуухан байлаа. Ихэнх тэмцээн дээр хосуудын урьд өдрийн тэмцээн дээр эзэлсэн байрууд хөмөрсөн мэт өөрчлөгдөв.
2009 оны УАШТ-ний аваргуудыг дурьдвал, Хүүхэд-1 насны 6 бүжгийн тэмцээнд Дархан-Уул аймгийн "Лидер данс" клубын Тэлмэн, Содонгоо нар, Хүүхэд-2 насны 8 бүжгийн тэмцээнд "Лидер данс" клубын Батгэрэл, Нандин-Эрдэнэ нар, Өсвөр-1 насны Стандартын бүжгийн Нээлттэй тэмцээнд Улаанбаатар хотын "Лайн оф дэнс" клубын Сод-Эрдэнэ, Энхчимэг нар, Өсвөр-1 насны Латин бүжгийн Нээлттэй тэмцээнд "Лайн оф дэнс" клубын Алтаншагай, Шинэзаяа нар, Өсвөр-2 насны Стандартын бүжгийн Нээлттэй тэмцээн, Латин бүжгийн Нээлттэй тэмцээнүүдэд "Лайн оф дэнс" клубын Тамир, Үүрийнцолмон нар, Залуучууд насанд хүрэгчдийн Стандартын бүжгийн Нээлттэй тэмцээнд "Лайн оф дэнс" клубын Баттулга, Гоомарал нар, Залуучууд насанд хүрэгчдийн Латин бүжгийн Нээлттэй тэмцээнд "Лидер данс" клубын Содмягмар, Тамир нар байлаа.
2009
МБСХ Монгол улсын Стандартын формейшн тэмцээнд 1-р байранд ХААИС-ийн "Хатан туул" хамтлаг, 2-р байранд Р.Чойномын нэрэмжит "Од" теөтрын дэргэдэх "Стар" хамтлаг, 3-р байранд ШУТИС-ийн "Хос уянга" хамтлаг, 4-р байранд Орхон аймгийн 14-р сургуулийн "Оддын гялбаа" хамтлаг шалгарав. Шүүгчдийн үндсэн бүрэлдэхүүнд МБСХ-ны 7 шүүгч, туслах бүрэлдэхүүнд хамтлагуудын багш нар байсан ба шүүгчдийн үндсэн бүрэлдэхүүний үнэлгээн дээр туслах шүүгчдийн дүнг нэмж дүгнэсэн байна. "Хатан туул", "Стар" хамтлагуудын дунд тэнцүүхэн хүчтэй өрсөлдөөн болсон нь ойлгомжтой. "Стар" хамтлаг бүжигчдийн харагдах байдал, хамтлагийн зохион байгуулалт, хамтлагийн тавилтын зураглалаар илүү байсан бол, "Хатан туул" хамтлаг хосын зохицол, техникээр давуу байлаа.
Түрүүлсэн "Хатан туул" хамтлагт 2010 онд Польш улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах Стандартын формейшнд оролцох эрхээр шагнав. 10-р сард болсон 2009 МБСХ Латины формейшнд түрүүлсэн "Стар" хамтлагийг мөн 2010 онд ОХУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах Латины формейшнд оролцох эрхээр шагнаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Он гараад хоёр хамтлаг маань тус тусдаа бэлтгэлдээ орно. Орхон аймгийн "Оддын гялбаа" хамтлагийг энд дурьдахгүй байхын аргагүй. Тэд хэдий дунд сургуулийн сурагчид боловч ах эгч нартайгаа хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан билээ.
Ирэх онд Монголын спортод томоохон өөрчлөлтүүд гарах болно. Ихэнх насны хосууд дээшээ өгсөж өрсөлдөх болно. Биднийг олон олон дотоод гадаадын тэмцээн, өсвөр-2, залуучууд, насанд хүрэгчдийн, формейшний ДАШТ-үүд хүлээж байна. Бүжгийн спортынхондоо ирэх 2010 ондоо эрүүл энх, эв нэгдэлтэй байж улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!
|