| "Ододтой бүжиглэе" телевизийн шоу NO1 өндөрлөлөө |
| Бичсэн DanceSport | |
| Мягмар, 2009 оны 12 сарын 15 | |
Сар гаруй монголын үзэгчдийн нүдийг хужирласан "Ододтой бүжиглэе" шоу өндөрлөлөө. Хаалтын Гала тоглолт 12-р сарын 11-ний орой 19 цагт АСА циркд эхэлсэн ба үзэгчид пиг дүүрэн суусан байлаа. Үзэгчид дунд нийтийн бүжиг, цэнгээнт бүжиг сонирхдог танилууд маань тэр ч бүү хэл нэг танил маань бүүр Алтанбулагаас зөвхөн энэ шоуг үзэхээр Утаанбаатар хотод утаа униарыг харгалзалгүй ирсэн билээ.
Хаалтын ажиллагааг нээж Цэнгээнт бүжгээр хичээллэж байсан бас нэг бүжгийн хорхойтон
болох ТВ-5 телевизийн захирал Сарангэрэл үг хэллээ. Тэгээд "Одууд"
маань гарч нэг нэгээрээ хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ сонирхуулав.
Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр ихэнх нь бэлтгэл хийгээгүй шахуу,
үзүүлбэрүүдээ дундуур нь их алдаж сандарч байлаа. Уг нь хүрэлцэн ирсэн
үзэгчдийг хүндэтгээд сайн бэлтгэл хийсэн бол .... Хонгор, Баярцэцэг,
Жижгээ, Аюуш, Оюумаа нар харин сэтгэл гарган бэлтгэж үзүүлбэрүүдээ
алдаа мадаггүй сайн гүйцэтгэсэн.
Шоуны
хаалт зохион байгуулалтын хувьд тийм ч сайхан болсонгүй. Учир нь хөгжим
ая нэг л сонсголонгүй сонсогдож, заримдаа бүжиг яг ид дундаа явж байх
үед нэг зам нь хаагдаж моно дуугаран заалны нэг талаас дуугарч байлаа.
Бас тэр бүжигчид бэлэн болсон эсэх нь огт хамаагүй аяыг шууд л тавина,
бүжигчид гарч ирэхгүй байсан ч хамаагүй ая явсаар байх жишээтэй. Мөн
гэрэлтүүлэг нь бүжгийнхээ онцлогтой огт авцалдахгүй бас бүжигчдийнхээ
хөдөлгөөнийг тодотгож өгөх үүргээ мартсан бололтой.
Үзэж
байгаа хүмүүс нь ганц нэг өргөлт, поз зэрэг энгийн л зүйлс дээр алга
ташиж орилолдох жишээтэй. Яг нөгөө цэнгээнт бүжгийн алхмууд, удирдлагын
зөв байдал зэргийг тоохгүй байсан уу эсвэл нөгөө бүжиглэж байгаа хэд нь
тэр юмыг нь хийж үзүүлсэнгүй юу. Зарим нь зөвхөн хамаатай садан, найзаа
дэмжих гэж ирсэн бусад өрсөлдөгчид сайн бүжиглэсэн ч гараа сугандаа
хавчуулчаад гүрийгээд суугаад байх жишээтэй ... Ямартай ч манай
цэнгээнт бүжиг, бүжгийн спортынхон нэлээн ажиллаж тодорхой хэмжээний
мэдлэгтэй, цэнгээнт бүжгийг ойлгодог үзэгчдээ бэлдэх нь зүйтэй болов
уу. Клубтээ суралцаж байгаа хүмүүст юу нь чухал вэ, юуг нь харах вэ,
юуг нь харж шүүдэг юм бэ, хэн нь илүү вэ гэдгийг зааж ойлгуулахгүй бол
ч дээ.
"Ододтой бүжиглэе" шоунд хамгийн их сэтгэл гаргасан хүмүүсийн нэг бол Жижгээ. "Хамтдаа бүжиглэе" хэмээх латин-америкийн бүжгийн сайхан хэмнэл аялгуутай дуу зохиож өөрөө дуулсан "Мотив" хамтлагийн Эрдэнэбаяр буюу Жижгээд бүжгийн спортынхны өмнөөс талархахгүй байхын аргагүй.
Шоунд
оролцсон "Одод"-оос зөвхөн нэг нь түрүүлж автомашин, Хайнань явах эрх
авах ёстой байсан. Гол өрсөлдөөн Пүрэвсүрэн, Ууганаа 2-ийн дунд
явагдсан ба шүүгчдийн оноогоор Ууганаа 788, Пүүжээ 785 оноотой байлаа
(нийт 800 оноо). Үүний зөрүү нь ердөө 0,375% буюу бараг тэнцүү байсан.
Шүүгчдийн оноо нийт дүнгийн 50%, үзэгчдийн мессеж санал үлдсэн 50% нь
байв. Мессеж саналын хувьд Пүрэвсүрэн Ууганаагаас анхнаасаа илүү байсан
ба тэмцээний өмнөх оройг хүртэл 1000-аад саналаар тогтмол илүү явж
байлаа. Гэтэл тэмцээний өдөр гэнэт Ууганаа 6994, Пүрэвсүрэн 5385
саналтай болж энэ удаагийн тэмцээнд Ууганаа түрүүллээ.
Энэ
удаагийн шоу монголд анх удаагийнх, олон үзэгчдийг татсан зэрэг
ололттой тал олон байсан боловч шүүлтийн систем нь анхнаасаа дундаа
хүртэл тодорхойгүй явсан, шоунд оролцсон дасгалжуулагч багш нараас
мэдлэг туршлагаар дутуу, муу бүжиглэдэг хүмүүс шүүгчдийн бүрэлдэхүүнд
орж шүүсэн, ... зэрэг анхаармаар зүйлс бас их байлаа. За яадаг ч байсан
шоу амжилттай өндөрлөлөө. Дараа дараагийнх нь улам улам төгөлдөржөөсэй,
олон хүмүүсийн сонирхлыг татаасай, монголын хөх толбот үзэгчид бүжгийн
спорт, цэнгээнт бүжгийн техникийг нарийн мэдэрч үздэг болоосой, илүү
мэдлэгтэй соёлтой болоосой, шоунд оролцогчид цэнгээнт, латин бүжгийн дотоодод нэвтэрч илүү сайхан бүжиглээсэй гэсэн ерөөлөөр энэ мэдээгээ өндөрлөе.
|
| < Өмнөх | Дараах > |
|---|
| . |