| Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө |
| Бичсэн DanceSport | |
| Мягмар, 2009 оны 11 сарын 24 | |
Бидний дунд байдаг нэгэн даруухан нэртэй клубын тухай энд өгүүлэх юм. Энэ бол Дархан-Уул аймгийн Бүжгийн спортын "Свей" клуб. Клубт 80 гаруй хүүхэд тогтмол хичээллэдэг бөгөөд одоогоор тэмцээний 20 хос буюу 40 тамирчин бэлтгэлээ базааж байна.
Удахгүй он гараад 3 нас хүрэх гэж байгаа клубын хилийн чанадад үзүүлсэн амжилтуудаас дурьдвал: ОХУ-ын Иркутскд болсон "Радужный бал" тэмцээнээс 1 алт, "ИрКазын цом"-оос 1 мөнгөн медаль, "Байкал данс"-аас шагналт 4,5-р байр, Красноярск хотод болсон Бүх Оросын тэмцээнээс 2 хүрэл медаль, Саха улсад болсон "Азийн хүүхдүүд" спортын наадмын хагас финалд үлдсэн ... Монгол улсдаа бол Хүүхэд-1, Хүүхэд-2, Өсвөр-1 насны ангилалд хүчтэй өрсөлдөхүйц хосуудтай тийм л клуб. Дархан-Уул аймгийн 2009 оны АШТ-ийг амжилттай зохион байгуулсан.
Энд би "Свей" клубын тэмцээний амжилтыг дурьдахыг гол болгосонгүй, харин энэ амжилтанд хүргэж байгаа клубын менежмент, зохион байгуулалтыг өөрийн ажигласнаар сийрүүлэн буулгахыг хичээлээ. Клубын захирал, дасгалжуулагч А.Амармэнд доороо 2 залуу багш ажиллуудаг. Багш нараа өөрийн зардлаар багш нараа МБСХ багш-шүүгчдийн конгресст суулгасан. Клубын гол зорилго бол аль болох олон хүүхдийг бүжгийн спортод дуртай болгон хичээллүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж бие бялдрыг хөгжүүлэх, тэдний дундаас эх орныхоо нэрийг цуурайтуулсан шилдэг тамирчдыг төрүүлж гаргах явдал.
Эцэг эхийн хурлыг тогтмол зохион байгуулж тэдэнтэй тулж ажиллан санаа бодлыг нь сонсоно. Эцэг эхчүүд нь ч багшийн үгийг хүлээн авч, шаардлагыг нь дор нь биелүүлнэ. Эцэг эх, багш-дасгалжуулагч аливаа үйл хэрэгт хутгалдаад байхгүй өөр өөрсдийн үүргийг ялгаж салгаад сурчихсан улс гэхэд болно.
Тэмцээн эхлэхээс 2 хоногийн өмнө тэмцээнд оролцох бүх хосуудаа тэмцээний хувцастай нь ирүүлж Тэмцээний дүрэм журам, Спортын хувцасны журамд нийцсэн эсэхийг шалгаж дүрэм журам зөрчигдөхөөс сэргийлнэ. Манайд ийм клуб хэд байдаг бол?! Хамгийн гол нь хүүхдүүдийг багаас нь аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг хувийн зохион байгуулалттай болгож байгаа нь "Свей" клубын давуу тал юм.
2009 оны "Найрамдлын эрдэнэс" зусланд болсон зуны бэлтгэл-сургалт дээр очсон багш, хүүхдүүд санаж байгаа байх. "Свей" клубын хүүхдүүдийн хувцасны жигдрэлт, аливаа арга хэмжээнд оролцохдоо цаг барьж байгаа байдал, оролцооны идэвхи, зохион байгуулалт, ариун цэвэр ... "Свей" клубын хүүхдүүд цаг ямагт хүний нүдэнд үсээ сайтар самнасан, сэргэлэн цовоо, нүд нь гялалзсан ... энэ бүгд надад лав таалагдсан.
Бусад клубууд эндээс санаа авах зүйл байж магадгүй гэж энэ мэдээг орууллаа. Тэмцээнд хэдэн медаль авах нь бидний гол зорилго биш, харин ирээдүйн гэрэлт Монгол улсыг бүтээн босгох, авч явах хүмүүсийг төлөвшүүлж гаргаж байгаа нь гол зорилго юм байна шүү.
|
| < Өмнөх | Дараах > |
|---|
| . |